Английн зохион бүтээгч Александр Паркс 1855 онд целлулоид буюу өөрийнх нь нэрлэснээр паркезин хэмээх материал гарган авснаа 1862 онд Лондон болсон Олон улсын их яармагийн үеэр танилцуулжээ. Энэ нь хуванцар материал хийх гол суурь болсон аж. Өдгөө цагт хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээ болсон хуванцрыг гарган авахдаа 111 жилийн тэртээд Америкийн химич, гэрэл зургийн хальс бүтээгч Лео Хендрик Бакеланд хожмын хор хөнөөлийг нь төсөөлөөгүй нь мэдээж.

Өнөөдөр дэлхийн иргэд хуванцрын хоол болж байна гэдгийг олон орны эрдэмтэн, судлаачид сануулж байна. Зүгээр сануулах бус, харанга дэлдэж буй. Гялгар уутнаас эхлээд гоёл чимэглэл, гар утас, хүүхдийн тоглоом, тэр ч бүү хэл агаар, сансрын хөлгийн сэлбэгийг ч хуванцраар хийдэг болсон. Байгальд хамгийн хөнөөлтэй гэж адалдаг хэрнээ бид хуванцар хэрэглээнээсээ салж чадахгүй байсаар.

Америкийн Санта-Барбарагийн их сургуулийн эрдэмтэд гурван жилийн өмнө хүн төрөлхтнийг цочирдуулам статистик зарласан. Түүнд дурдсанаар, сүүлийн 50 гаруй жилд дэлхий нийтээрээ найман тэрбум гаруй тонн буюу нэг тэрбум зааны жинтэй дүйцэх хэмжээний хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэжээ. Үүнийхээ “ачаар” өнөөдөр өсвөр насныхны цуснаас бисфенол А илэрлээ хэмээн уулга алдаж сууна.

Хуванцар материалын найрлагад химийн 4000 гаруй бодис ордгийн нэг нь бисфенол А юм. Хиймэл шүд, хуванцар сав, хүүхдийн тоглоом гээд бүгдэд нь эл бодис бий. Эмэгтэйчүүдийн эстроген даавар, эрчүүдийн бэлгийн эс, хүний уураг тархины эд, эсийн бүтцэд сөрөг нөлөөтэй учраас 2008 онд Канад улс хүүхдийн тэжээлийг хуванцарт савлахыг хориглосон бол 2010 онд бисфенол А-г аюултай бодисын жагсаалтад багтаасан байдаг. Америкийн Коннектикут, Массачусетс, Вашингтон, Нью-Иорк, Орегон мужид үүнийг хэрэглэхийг хориглосон хуультай.

Хуванцрыг уян хатан болгоход фталат хэмээх бодис ашигладаг бөгөөд энэ нь хүний дотоод шүүрлийн булчирхайн хэвийн ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Эрчүүдийн дааварт нөлөөлдөг, аажмаар үргүйдэлд хүргэдгийг Шведийн химичид баталсан. Тэд мөн “Хүмүүс хуванцар савнаас усыг нь ч, хуванцрыг нь ч уудаг” гэж мэдээлсэн.

Далай, тэнгис дэх хог хаягдлын талаар судалдаг, Нидерландын Утрехтийн их сургуулийн судлаач Эрик ван Себил “Хүн төрөлхтөн хуванцрын цунамид нэрвэгдэж эхэлсэн. Яаралтай арга хэмжээ авч, хуванцрын хэрэглээг бүр мөсөн хориглохгүй бол ойрын 30-50 жилд бид “живнэ” гэж анхааруулжээ.

Дэлхийн эрдэмтэн, судлаачдын санал бодлоор бол байгальд хэдэн арваас хэдэн зууныг дамжин амь бөх оршдог хуванцрыг олон дахин боловсруулж, өнө удаан жил хэрэглэх боломжийг хайх ёстой. Гэтэл үнэндээ тийм боломж, технологи нь одоогоор алга. Тиймээс өдгөөгийн нөхцөлд хуванцар хэрэглээнээс татгалзах нь хамгийн зөв шийдэл гэдгийг англи судлаачид онцолж, Засгийн газар, албан байгууллага, бизнесийн хүрээнийхэнтэйгээ хамтран чухал шийдвэрт хүрлээ. Үүний нэг илрэл нь Британийн 900 гаруй худалдааны төв, дэлгүүр хуванцар сав, баглаа боодлоос татгалзаж эхлэв.

Ингэснээр ийм алхам хийсэн анхны улс болжээ. Тэдний мэдээлснээр, эхний ээлжинд нэг удаагийн хэрэглээг халах бөгөөд ойрын таван жилийн дотор бүх баглаа боодлыг цаас, шил зэрэг эко бүтээгдэхүүнээр орлуулахаас гадна нийлүүлэгчдэдээ ч ийм шаардлага тавьсан байна. Хувьсгал хийхдээ буюу баглаа боодлыг шинэчлэх нэрээр аливаа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэхгүй гэдгээ ч зарласан байна. Ийм өргөн хүрээтэй арга хэмжээ авахад хүргэсэн хамгийн чухал түлхэц нь хэрэглэгчдийн санал, гомдол байсан гэдгийг тэд мэдээлэв.

Тэгэхээр монголчууд бид хойч үеэ бодож өнөөдрөөс хуванцар хэрэглээнээсээ өөрийн боломжоор татгалзъя. Ядаж л эхний ээлжинд нэг удаагийн хуванцар сав, эд хэрэгслийг гэр орноосоо гаргаж хаяхаас эхэлье. Ялангуяа хоол хүнс хийдэг савнуудаа эко болгоё. Үүний зэрэгцээ нийтийн хоолны газрууд бүтээгдэхүүнээ гялгар уут, хуванцар саванд хийж, богино долгионы зууханд халаадгийг нийтээрээ шаардаж болиулах тал дээр санаагаа нэгтгэвэл ямар вэ. Дэлгүүрээс хуванцар савтай ус авч байхаар гэртээ буцалгаад, шилэнд савлаж, авч явдаг болъё. Энэ мэтээр санаж, санаачилбал багадахгүй буй за.

Британид “Water UK” байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хуванцар савыг цэвэр усаар солих аян өрнүүлжээ. 2021 он хүртэл хэрэгжүүлэх төслийн багийнхны мэдээлснээр томоохон худалдааны төвүүдэд тусгай цэг нээсэн бөгөөд тэдгээрийн байршлын талаарх мэдээллийг иргэд гар утсаараа болон гудамжин дахь тэмдэг, тэмдэглэгээгээр мэдэх боломжтой юм байна. Ийм арга хэмжээний үр дүнд жилд багадаа хуванцар савны хэрэглээг 10 саяар бууруулж чадна гэж тооцоолжээ. Манайд ч ийм арга хэмжээ эхлүүлж болмоор.

Хуванцраас ангижрах том ажлыг олон улсад өрнүүлээд буйн өөр нэг жишээ бол Олон улсын сансрын станц дахь нисэгчдийн хоол хүнсний баглаа боодлыг шинэчлэх асуудал гэдгийг Оросын мэргэжилтнүүд онцлоод тугалган цаасаар хийсэн бүтээгдэхүүнийг туршиж буйгаа ч мэдээллээ. Хоол хүнсийг хуванцар сав, баглаа боодлоос салгах зайлшгүй шаардлагатай гэсэн Европын холбооны эрдэмтэд “Ийм хэрэглээ хүний биеийн эд, эсэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсэх эрсдэлийг 90 хүртэл хувь нэмэгдүүлдэг” гэж мэдээлэв.

Үргүйдэл, таргалалт, чихрийн шижин гэхчилэн өнөөдөр хүн төрөлхтний сэтгэлийг зовоосон олон өвчин хуванцар хэрэглээтэй шууд холбоотойг тэд анхааруулжээ. Бисфенол А хүүхдүүдийн цусанд нэвчсэн нь жинхэнэ аюул гэж Британийн эрдэмтэд саяхан мэдээлсэн. Хүний эрүүл эсийн бүтцийг өөрчилж, хувьсалд оруулдаг химийн бодисуудын нийлбэр болсон хуванцар дэлхийн иргэд орших, эс оршихыг шийдэх бодит аюул нүүрлэснийг тэд сануулжээ.

Цаас, шил зэрэг экологи, хүнд ээлтэй сав баглаа боодлын үнэ хуванцрынхаас 3-4 дахин үнэтэй тусдаг учраас шинэчлэл хийхийг бизнесийн хүрээнийхэн хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ өнөөдрийн мөнгө, ашгаас илүүтэй хүн төрөлхтний ирээдүй чухал учраас дэлхий нийтээрээ хуванцрыг халах аянд нэгдэхийг Европын холбооны судлаачид уриалсныг дуулгая.

Германы зарим сүлжээ дэлгүүр хүнсний ногоог хуванцар саванд хийхээ хэдийнэ больсон. Тус улсын эрдэмтэд өдгөө ургамлын тос, эрдэнэшишийн цардуул зэргийг ашиглан био “хуванцар” гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Монгол хүний ухаан ямар ч зүйлд сийрэг дээ. Бид ч энэ төрлийн судалгаа эхлүүлж, хүн, байгальд хөнөөлгүй шинэ технологийн эрэлд гарвал ямар вэ.

Оросын нийслэл, түүний харьяа хот, суурин газруудад нэг удаагийн хуванцар сав хэрэглэхийг хориглосон акц хэрэгжүүлж эхэлсэн талаар холбогдох яамны сайд нь мэдээлсэн байна. Кыргызийн парламент хуванцар хэрэглээг хориглох хуультай болохоор хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Их Британийн Зочид буудлын холбооны харьяа 60 байгууллага хуванцар соруулаас татгалзлаа. Ийм гэгээтэй мэдээ хөвөрсөөр.

Хүмүүс цоргоны уснаас илүү савласан нь цэвэр, эрүүл мэндэд аюулгүй гэж боддог нь туйлын буруу гэж “Applied еnvironmental еducation & сommunication” сэтгүүлд бичжээ. Тэрхүү нийтлэлийн эзэн, нийгмийн сэтгэл судлаачийн мэдээлснээр зарим хүн савласан ус уухаас айдаг гэнэ. Учир нь хуванцар савны айдас хэмээх ойлголт сүүлийн үед хүмүүсийн дунд газар авсан аж. Тэгэхээр дэлхийн олон газарт хуванцрыг халах санал санаачилга ийнхүү айдастай хамт “босож” ирсэн энэ үед бид ч аюулаас өөрсдийгөө болон ирээдүйгээ аврах үйлсэд нэгдэх ёстой.

Энэ оны эхний сард ОХУ-ын Москва хотод олон улсын эрдэмтэн, судлаачид чуулж, хуванцар сав, баглаа боодлын хэрэглээний талаар хэлэлцэж, дэвшилт технологи боловсруулахыг чухалчилжээ. Энэ бол хүн төрөлхтөн хуванцарт идүүлэхээс өмнө санаж сэдэж буйн бас нэг илрэл юм.


http://unuudur.mn